Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг
эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” /Ч.Бямбажав/ “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” /З.Занданпүрэв/, “Ус сувгийн удирдах газар” /С.Үнэн/, “Нийслэлийн Авто замын газар” /Д.Нанзаддорж/ болон бусад инженерийн хангамжийн байгууллагуудад үүрэг болгосугай.

2. Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозамыг хальтиргаа гулгаагүй байлгахад шаардагдах, элс, давс, тусгай бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг дүүргийн Засаг дарга нар, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл ОНӨААТҮГ /С.Энхсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

3. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх зорилго бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” зохион байгуулахыг Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах байнгын ажиллагаатай комисс /Б.Бадрал/-т даалгасугай.

4. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нь иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хийгдэх ажил тул нийслэлчүүдэд хандан өвлийн улирал эхлэхээс өмнө дор бүрнээ өөрсдөөсөө шалтгаалсан өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Өөрийн эзэмшил газраас  гадна орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ