Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЫН ЖУРМЫН ТӨСӨЛ

2017 оны 03-р сарын 31

Төсөл

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 “Орон сууц хувьчлах тухай хууль”, “Орон сууцны тухай хууль”, “Эрчим хүчний тухай хууль”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын  ашиглалтын тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн  дагуу Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай “Дулааны эрчим хүч, хэрэгцээний харуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ”-тэй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар найдвартай хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах үүднээс хэрэглэгчдийн өмчлөлийн шугам сүлжээ, түүний тоноглолд хийх төлбөртэй засвар, үйлчилгээг явуулах батлагдсан үнэ тарифыг мөрдөж хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2 Энэхүү журмыг Нийслэлд орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулах холбогдох зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага дагаж мөрдөж болно.

 Хоёр. Үнэ тариф, түүний зохицуулалт

2.1 Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үзүүлэх төлбөртэй үйлчилгээний үнэ тариф нь үзүүлж буй үйлчилгээний хэмжээ, чанар болон хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн байна.

2.2 Хэрэглэгчдэд үзүүлэх засвар үйлчилгээний сэлбэг материал нь стандартын шаардлагад нийцсэн, үнэ нь хэрэглэгчдийн төлбөрийн чадварт тохирсон байна.

Гурав. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үүрэг

3.1 Хэрэглэгчийн  шугам, тоноглолд  засвар үйлчилгээ хийлгэхээр өгч буй дуудлагыг  тухайд бүрд нь барагдуулан үйлчилгээний хуудсыг бичиж, хэрэглэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулна.

3.2 Засвар үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай сэлбэг  материалыг нөөцийг бүрдүүлэх бөгөөд нөөцөд байхгүй тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр зах зээлийн үнээр нийлүүлж болно.

3.3 Мэргэжлийн ажилтны үзүүлсэн үйлчилгээ, сэлбэг материалын үнэ тарифыг тодорхой тусгасан үйлчилгээний хуудсыг үндэслэн санхүүгийн бүртгэлд тусгаж, төлбөрийг хэрэглэгчээс нэхэмжилнэ.

Дөрөв.Хэрэглэгчийн үүрэг

4.1 Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ болон тоноглолд эвдрэл, гэмтэл гарсан үед Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт дуудлага өгөх бөгөөд засвар үйлчилгээ, сэлбэг материалын төлбөрийг бүрэн хариуцаж, дуудлагаар ирсэн ажилтны үйлчилгээгээ явуулах нөхцөлийг хангаж, туслалцаа үзүүлнэ.

4.2 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас үзүүлсэн засвар үйлчилгээ, сэлбэг материалын үнэ тарифыг тусгасан үйлчилгээний хуудасны хувийг хүлээн авна.

 

Тав.Хяналт, хариуцлага

5.1 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь хэрэглэгчдийн дуудлагыг цаг тухайд нь хүлээн авч засвар үйлчилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.

5.2 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөртэй үйлчилгээний үнэ тарифын журмын хэрэгжилтэнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өөрийн дотоод хяналт, шалгалтаа чиглүүлэн ажиллана.